Өөртөө ямагт үнэнч бай

            Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн лекц, Камбож улс, 1996 оны 7 сарын 19

            Би та нарт хэлэх учиртай: Жинхэнэ Хайр өөрөөс тань эхэлдэг. Та нарт хэлж чадах цор ганц үнэн бол энэ. Дандаа бусдын таалалд нийцүүлэх гэж хичээх ёстой гэж бүү хэлээрэй. Ходоодондоо шарх үүсгэн байж бусдын сэтгэлд нийцвэл, энэ сайн байх уу? Эсвэл дотроо буй уур уцаараа барих нь сайн байх уу? Та ч гэсэн Будда шүү дээ! Ингэх шаардлагагүй байхад ийм өндөр үнэ төлөхийн хэрэг юун? Хэрвээ энэ нь туйлын шаардлагатай, нөгөө хүн чинь таныг ингэхгүй л бол үхчих гээд байгаа бол тэр хүн өөрөөс чинь илүү чухал уу гэдгийг бодолцож үзэж болох юм. Гэхдээ ийш тийш харайж, бусдын үйлийн үрд санаа тавих шаардлага танд байхгүй! Танд өөрт тань хангалттай бий.

          Тэгэхээр гэрлэлт ч бай, хэлэлцээр ч бай, харилцаа ч бай, бизнес ч бай үүнийгээ өөртөө хамгийн үр өгөөжтэй байлгахыг хичээ. Хүн төрөлхтөнд үйлчлэх зам бол энэ юм. Учир нь хэрвээ та гэрлэлтдээ сэтгэл хангалуун бус төдийгүй үргэлж хамтрагчийнхаа хүссэнээр байгаад байх юм бол та нэг л өдөр нуран унаж, тэсрэх болно. Тэгээд эцэстээ гэрлэлт тань салах нь гарцаагүй. Хэдийгээр тухайн үед хэтэрхий оройтсон байсан ч огт салахгүй байснаас дээр. Хэрвээ харилцаа тань үнэхээр тэсэхэд туйлын бэрх бөгөөд эвлэрэх боломжгүй бол зүгээр л яв. Эхлээд өөрийгөө харж ханд. Тэгээд дараа нь үргэлжлүүлсэн дээр үү эсвэл дахин шинэ амьдрал эхлэх үү гэдгээ бодож үзэж болно.

          Ямар ч зүйлийг өөрчилж болдог, ямар ч зүйлийг дахин засах боломжтой байдаг. Ингэж л бид суралцдаг юм. Хэрвээ та алдаа гаргасан бол санаа бүү зов, түүнийгээ хүлээн зөвшөөрөөд, зас. Битгий тэр алдаагаа үргэлжлүүлэн энэ ч тэр ч зүйлийн төлөө золиосол. Жишээлбэл гэрлэлт тань аз жаргалгүй бөгөөд хамтрагч тань үргэлж таныг ашигладаг байлаа гэж үзье. Гэтэл зөвхөн та л үргэлж зовж, дарамтлуулж, туйлддаг бол яах гэж үүнийг цааш үргэлжлүүлнэ гэж? Та дараа бүр ч муу хамтрагчтай болно гэж бодож магадгүй ч та мэдэхгүй шүү дээ. Оролдоод үзэж болно, хэрвээ бүр муу байх юм бол “Өө, бүр дордчихлоо” гэж хэлнэ. Тэгээд та мэдэх болно.

          Ямар ч нөхцөлд танд хамгийн сайнаар байлгахын тулд та өөрийгөө харж хандах хэрэгтэй. Гэхдээ өөрийн хүссэн зорилгодоо бусдыг ашиглалгүйгээр, бусдын алдаан дээр дөрөөлөлгүйгээр хүрээрэй. Та ямар ч тохиолдолд өөртөө үнэнч байх ёстой юм шүү. Бусад хүмүүс ч мөн өөрсдөдөө үнэнч байх ёстой. Хэрвээ тэд өөрсдөдөө үнэнч бус байж, дүр эсгэн, хоёр нүүр гаргах гэж оролдох нь тэдний өөрсдийнх нь асуудал. Ядаж л та өөрийгөө хаана байгаагаа мэдэх болно: “Энэ хүн надтай хутгалдаж болохгүй учраас би өөр нэг зохицуулалтыг олох хэрэгтэй, эсвэл түүнийг өөрчлөгдөн өөртөө үнэнч болохыг хүлээнэ. Үүнийх нь дараа бид дахин ярилцаж болох юм.”

          Энэ нь хамтрагч, бизнес өөр юу ч бай адил. Та өөртөө үргэлж үнэнч байх хэрэгтэй, учир нь бид Үнэнийг дадуулж бясалгаж байгаа. Хэрвээ та яг одоо л өөртөө үнэнч байхгүй юм бол хэзээ үнэнч болох вэ? Диваажинд очсон хойноо өөртөө үнэнч байна гэж үү? Тэнд бидэнд юу ч хийх шаардлагагүй болно. Тэр үед бидний ажил дууссан байх тул өөр хийгээд байх зүйлгүй байна. Тиймээс танд хийхийг хүссэн юу л байна, түүнийгээ зөвхөн зөв санаа зорилготой тохиолдолд л хий. Та зөвхөн өөртөө болон өөрийн мэдрэмждээ үнэнч байх ёстой юм шүү.

Эх сурвалж:  The Supreme Master Ching Hai News No. 153

Санал болгох

Сайн Хань Бай

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн лекцээс, АНУ-ын Флорида муж, 1998-10-04 (Эх нь Англи хэл …