Веганчуудад өгөх зөвлөгөө

coquillagesdГоёл чимэглэлийн зүйлс худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Ихэнх хүмүүс өөрсдийн эдэлж хэрэглэж байгаа гоёл чимэглэлийн зүйлсийнхээ гарал үүслийг хянаж үздэггүй.

Зүгээр л нэг гадаад төрхийг нь чимэх дагалдах хэрэгсэл төдий л үздэг.

Веганчуудын хувьд гоёл чимэглэл нь амьдралдаа хийсэн сонголт, ёс суртахууны баримтлалаа илэрхийлэх нэгэн арга зам нь болж өгдөг. Веганчууд гоёл чимэглэлийн зүйлс худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Яс/эвэр

Эвэр болон ясаар шүр сувс хийдэг. Гол төлөв үхрийн ясыг ашигладаг бөгөөд Энэтхэг болон Африкийн орнуудаас импортолдог. Ясаар хийсэн шүр сувс нь зөөлөн, бага зэрэг гялтганасан гадаргуутай байдаг гэнэ. Төрөл бүрийн өнгөөр будаж янзалдаг. Мөн янз бүрийн хээ угалзаар чимсэн байдаг.

Зааны соёо

Зааны шүд болон соёогоор гоёл чимэглэлийн зүйлс хийдэг. Дээр үед усны үхэр, далайн морь, гахай, арслан заан (тиймээ арслан заан!), кашалот зэрэг амьтдын соёог мөн адил ашигладаг байжээ. Харин одоо зааны соёог ашиглахыг дэлхий нийтээр хориглосон. Гэвч хятад зэрэг орнуудад хууль бусаар худалдаалсаар байгаа тул гадагшаа аяллаар явахдаа анхаараарай.

Сувд

Сувд үйлдвэрлэлийн талаар хүмүүс нэлээд ташаа ойлголттой байдаг. Хүмүүс цэвэр усны сувдыг жинхэнэ сувд гэж боддог. Харин таримал сувдыг хиймэл учраас байгальд ээлтэй гэж ойлгодог. Энэ нь буруу ойлголт юм. Сувдыг нялцгай биетэн бүхий хуягийг нь эвдэж гарган авдаг бөгөөд сувд бүрэлдэн тогтох явц нь байгалийн өөрийгөө нөхөн сэргээх үйл явц юм. Таримал сувд нь хүний оролцоотой бүтээгддэг. Нялцгай биетнийг эрчимжүүлсэн нөхцөлд байлгаж, өөр хясаа, дунгийн эд шилжүүлэн суулгах замаар сувдыг бүрэлдүүлдэг байна. Зарим тохиолдолд сувдны өнгийг өөрчлөхийн тулд амьтныг элдэв будаг, химийн бодисоор тарьдаг байна. Сувдыг бэлэн болмогц гаргаж авахын тулд амьтныг алдаг. Тиймээс таримал сувд үйлдвэрлэлд буруу зүйл байхгүй гэж бодох хэрэггүй юм. Харин оронд нь шилэн сувднуудыг санал болгох байна. Маш олон гоёмсог өнгө, төрлийн сонголттой байдаг бөгөөд өнгөө ч удаан хадгалж чаддаг.

Хясаа

Хясаа буюу сувдны гэр нь маш өвөрмөц солонгорсон өнгөтэй байдаг бөгөөд гоёл чимэглэл, цаг, товч зэргийг хийхэд ихээхэн ашигладаг. Гол төлөв махчин загасанд идүүлснийх нь дараа түүж цуглуулдаг байна.

Шүр

Ургацаг хэмээх бичил биетнүүд урт хугацааны туршид шохойн чулуун гайхамшигтай өвөрмөц тогтцыг үүсгэж шүрийг бүрэлдүүлдэг. Энэ тогтцыг бид шүрэн хад гэж нэрлэдэг. Хүний нөлөөллөөс болон эдгээр шүрэн хаднууд устаж байгаа бөгөөд улмаар дэлхийн эко системд ноцтой аюул нүүрлэж байгаа билээ.

Арьс шир

Ойлгоход хамгийн энгийн веган биш материал бол яах аргагүй амьтны арьс. Тэр тусмаа үхрийн ширийг төрөл бүрийн зүүлтний холбоос уяа, гөрж сүлжсэн бугуйвч хийх зэргээр өргөн ашигладаг. Гэхдээ өөр орлуулаад хэрэглэчих сонголт арвин байдаг шүү дээ. Тэгээд бас арьснаас ч илүү бөх бат, илүү олон янзын зориулалттай ч байдаг. Жишээ нь: органик даавуу, олсон уяа гэх мэт.

Дун

Дун бол далайн нэг төрлийн амьтны биеийн гадуурх хатуу бүрхүүл юм. Дунг голдуу амьдаар нь түүгээд доторх амьтныг нь алж, цэвэрлээд худалдаалдаг байна. Шинэ Зеландын нэг төрлийн далайн эмгэн хумсны хуягийг Раиа дун гэдэг бөгөөд үнэт эдлэл хийхэд өргөнөөр ашигладаг. Байгаль дээрээс болон үржүүлгийн фермээс уг дунг түүдэг байна. Аль ч тохиолдолд тэднийг хөнөөдөг. Дунгийн төлөө далайн амьтдыг устгах нь эко-системд сөрөг нөлөөтэйн дээр ховор зүйл ангийг мөхөөх ч хөнөөлтэй.

Шеллак

Шеллак бол Энэтхэг, Филиппиний ойд байдаг Coccus Lacca хэмээх шавьжийн ялгаруулдаг давхраалаг давирхай юм. 1970 аад он хүртэл шеллакыг хэвд цутгаж чимэг зүүлт мэтийн жижиг сажиг зүйлс хийхэд ашигладаг байсан. Харин одоо лаакны зориулалтаар ихээхэн ашиглах болжээ.

Өд сөд

Өдийг ээмэг зүүлт хийхэд нэлээд ашигладаг бөгөөд мэдээж веган биш. Бас хэрхэн хаанаас гарган авдгийг ч дурдах шаардлагагүй. Хэдийгээр шувууг махны зориулалтаар бус зүгээр л тэжээдэг хүмүүс байдаг ч, өд сөд нь өөрөө байгалийн жамаараа унасан байлаа ч өд бол веган бүтээгдэхүүн биш гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Лавтай уяа

Үнэт эдлэлийн уяа, оосрыг бөхлөх зорилгоор лаваар бүрэх тохиолдол байдаг. Гэхдээ тэр бүгд веган биш гэсэн үг биш. Харин зарим тохиолдолд зөгийн лав ашигладаг учраас шалгаж үзэхэд гэмгүй гэнэ.

www.etsy.com зэрэг веб сайтуудаас та веган гоёл чимэглэлийн зүйлсийг сонирхож болох юм байна.

Мөн “Веган нийгэмлэг” -т албан ёсоор бүртгүүлсэн бүтээгдэхүүн, брэндүүд ч олон байдаг бөгөөд дараа дараагийн дугаараар та бүхэнд хэрэгцээт мэдээллийг цувралаар хүргэх болно.

Эх сурвалж: “Веган Амьдрал” сонин

Санал болгох

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бүх шашны болон оюун санааны удирдагч нарт хандаж илгээсэн яаралтай илгээмж

Оюун санааны агуу удирдагчдын хувьд та бүхэн бидний гараг дэлхий дээр бий болоод байгаа гамшигт энэ нөхцөл байдал хүмүүсийн харгис хэрцгий зан авир, дадал зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой болохыг, хэрвээ бид хайрын зарчмыг баримталбал энэ байдлыг засахад тийм ч хэцүү биш гэдгийг мэдэж байгаа.