Дотоодын Гэрэл Аялгууны бясалгал гэж юу вэ?

Та бүхэн гэгээрэлд хүргэдэг янз янзын арга бясалгалын тухай сонссон байх. Үнэхээр ч олон янзын арга байдаг юм. Гэхдээ таныг төгс гэгээрэлд хүргэж чадах цорын ганц л арга бий. Эхэндээ та янз бүрийн зам мөрөөр явж болох л юм. Гэвч хэрэв та оргилд хүрэхийг хүсэж байгаа бол энэ зам мөрт л орох хэрэгтэй болно. Энэ арга бол чанагуух ертөнцийнх бөгөөд хүний үг хэлээр тодорхойлон илэрхийлэхийн аргагүй юм.

Бясалгалын энэ хялбар аргатай учрахаас өмнө Би Төвөдийн Буддизмын нууц тарнийн ёс болон Тайланд, Бирм зэрэг өөр олон янзын аргыг туршиж үзсэн. Гэхдээ энэ маш их цаг хугацаа авахаас гадна иймэрхүү аргаар бясалгахад өдий төдий багаж хэрэгсэл шаардлагатай болдог байлаа. Харин Арьяабалын бясалгалын арга бол тиймгүй. Энэ арга ямар ч аргаас илүү хялбар болохыг Би ойлгосон. Та цэцэрлэгт хүрээлэн, автобус, галт тэрэг, хаа дуртай газраа бясалгаж, Эзэн Бурханы хүчтэй нэвтрэлцэж болно. Аврал хамгааллыг нь мэдэрч, Эзэн Бурхантай нүүр тулан учрах болно. Надад итгэх албагүй, харин өөрөө үүнийг туршиж үзэж өдөр бүр мэдрээсэй гэж бид хүсэж байна.

Намайг Арьяабалын бясалгалын аргыг танд уламжлан өгсний дараа та бясалгал хийж, өөрт тань юу гээчийн хүч байгаа юм, өөрөө ямар гээчийн боломж чадлаа мартаж орхисон юм, оюун ухаанаа хэр зэрэг ашигласан юм, та хэн болох, орчлон ертөнц дахинд ямар байр суурь эзэлдэг юм бол гэдгээ дотоодоосоо эрэн хайхыг хичээ. Та эрэн эрсээр түүнийг олох болно.

Энэ ертөнцийн болон чанагуух ертөнцийн гэсэн 2 төрлийн дуу аялгуу байдаг. Энэ ертөнцийнх нь бидний мэдрэхүйн ба сэтгэцийн ая тухтай байдалд нэн чухал, харин чанагуух ертөнцийн дуу аялгуу нь биднийг Эзэн Бурхан тийш эргэн очиход хөтөлдөг. Хэрэв бид энэ Үг буюу аялгууны урсгалтай ямар нэг холбоо тогтоож чадвал тэр үед Эзэн Бурханы хаа буйг мэднэ, эсвэл Эзэн Бурхантай холбогдож чадна. Энэ аялгуутай холбогдож чадсан хүмүүсээс амьдралд нь асар их хувирал өөрчлөлт гарахыг үзээгүй хүн нэг ч үгүй. “Гэгээрсэн хүн” гэж бид үүнийг хэлээд байгаа юм. Бид зөвхөн оюун санааны тал дээр хөгжөөд зогсохгүй материаллаг болон ер нь бүх талаар хөгжин дэвждэг юм.

ЯАГААД ЗААВАЛ АМЬД БУЙ ГЭГЭЭРСЭН БАГШ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Сүнслэг бясалгагч заавал сайн Их Багштай байх хэрэгтэй. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгд, Тэр бидэнд сүнслэг дадал бясалгалын үндсэн дүрэм журам юу болохыг, дадал бясалгалын ёс суртахуун ямар байхыг, сэтгэл цэвэр ариун, эрхэм дээд хүслэн, зорилго тун өндөр байх хэрэгтэй гэдгийг зааж сургана. Ийм байвал ад шүглэхгүй, адад мэхлэгдэхгүй. Хоёрт, бид бясалгал хийхдээ одоогийн Их Багшаа харвал танина. Учир нь бид Түүний гадна төрхийг мэднэ. Гэвч одоогийн Их Багшгүй бол бясалгах үеэр өнгөрсөн үеийн Их Багш ирж, биднийг дагуулж явах юм уу эсвэл ном тайлбал энэ нь өнгөрсөн үеийн жинхэнэ Их Багш мөн эсэхийг бид мэдэх аргагүй. Яагаад гэвэл бид Түүнийг ерөөсөө харж байгаагүй. Шагжамуни Будда нас нөгчөөд хэдийнээ 2500 гаруй жил болж буй. Есүс Христ яваад бараг 2000 жил болж байна. Жирийн үед бидний харж заншсан тэдний дүр төрх бүгд л хүмүүсийн ургуулан бодож зурсан зураг болон гэрэл зураг байдаг. Иймээс бясалгаж байх үед Тэд бидэнд үзэгдвэл жинхэнэ эсэхийг нь мэдэхгүй. Өөрөө муйхарлан сүнслэг дадал бясалгал хийгээд харсан өнгөрсөн үеийн Их Багш нарын дүр бүхэн найдвартай биш. Асуурийн оронд тэрхүү хуурамч дүр зөндөө бий.

ЖИНХЭНЭ ИХ БАГШИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Энэ маш амархан! Юуны өмнө, жинхэнэ Их Багш өөрийнхөө ашиг тусын төлөө ямар ч өргөл барьц авдаггүй, яагаад гэвэл Эзэн Бурхан зөвхөн өгдөг болохоос хэзээ ч авдаггүй юм. Хоёрдугаарт, Багш танд гэгээрлийн ямар нэг нотолгоо өгөх ёстой. Тиймгүй бол Тэр танд үнэхээр ямар нэг зүйл өгч чадах эсэхийг та хэрхэн мэдэх сэн билээ. Хуурамч Багш өөрийн бага сага ид шидээ үргэлж зарлан гайхуулдаг бол жинхэнэ Багш хэзээ ч ингэдэггүй. Энэ тухайд зөвхөн шавь нь л, тэгэхдээ өөрийг нь аюултай байдлаас аврах, өвчин эмгэгийг нь анагаах, сэтгэл санааны хувьд нь туслах юм уу, оюун санааны дэвшлийг нь түргэтгэхэд зайлшгүй хэрэгтэй болох тийм тохиолдолд л мэддэг. Тэр үед шавь нь Багшийнхаа үнэ цэнийг ухаарч мэднэ. Жинхэнэ Багш зөвхөн өгч л чаддаг, хэзээ ч авдаггүй юм.

Хэсэг хугацаагаар бясалгаад нэг түвшинд хүрэхэд байшингийн таазанд тулчихсан мэт болдог. Тэр үед бид яаж ч хүчлээд давж гарч чадахгүй. Юу ч биднийг дагуулан гаргаж чадахгүй. Зөвхөн Их Багш л ирж татан гаргаж энэхүү түр зуурын бэрхшээл саадыг гэтлүүлдэг. Хаалга хаана байгааг Тэр мэддэг болохоор онгойлгомогц бид дээд түвшний аялгуу ба нөхцөл байдлыг биеэрээ мэдрэх болно.

Гэрэл, дотоодын аялгуу бидэнд угаас байдаг. Энэ нь бидний “Угийн чанар” бөгөөд “Будда чанар” гэсэн ч болно. Бидний Будда чанар хаана байна вэ? Хутгаар биеэ зүсэж нээгээд дотоодын Будда чанараа харах бус, заавал түлхүүрээр нээх хэрэгтэй. Хэрэв онгойлгож чадахгүй бол Төгс Гэгээрсэн Их Багш биш. Төгс Гэгээрсэн Их Багшийн удирдлагагүй бол аялгууны ямар нь жинхэнэ, төгс төгөлдөр, гэтэлгэдэг, ямар нь хуурамч, төгс бус, гэтэлгэж чаддаггүй болохыг ойлгохгүй. “Мах идсэн ч гэрэл харах байтал Та яагаад хүмүүсийг заавал ургамлан хоол идэхийг шаарддаг юм бэ?” гэж олон хүн Багшаас нь асуудаг. Max иддэг сүнслэг бясалгагч нь хоёрдугаар зэргийн гэрлийг олж хардаг ч Үнэн ёсыг олж чадахгүй. Тэд яаж ч явсан зургаан заяандаа эргэлдэнэ.

Учир нь “сахил”-гүй бол жинхэнэ “самади”-гүй, жинхэнэ самади үгүй бол жинхэнэ “билиг ухаан” үгүй. Хамаг амьтад хэдийнээ аялгуутай учир бүгд билиг ухаантай. Гэвч яагаад энэхүү аялгууг ажиж чаддаггүй вэ? Учир нь тэд түлхүүргүй бас аялгуу хаана байдгийг мэддэггүй. Тиймээс хаалга онгойлгож өгөх нэгэн Их Багшийг эхлээд хайж олох хэрэгтэй… Хэрэв та хамаг л гэгээрсэн төрөлтнүүд болоод Эзэн Бурханд мөргөж залбираад энэ нь нэмэр болохгүй бол намайг дуудаж тусламж эрж болно. Энэ нь Би өөрөө өөрийгөө ихэд алдаршуулан магтаж байгаа мэт санагдаж байж болно. Яагаад гэвэл Би илүү ойрхон байгаа учраас тэр.

Та бид аль аль нь дэлхийн соронзон оронд оршиж байгаа учраас Би та нарт ойрхон байгаа юм. Бидний энерги сүлжилдсэн байдаг ба бид бие биедээ ойрхон, нэг ижил давтамж дээр хэлбэлзэж байдаг болохоор энергийн харилцан үйлчлэл амархан явагдана. Амьд сэрүүн Багштай хүнд хэрвээ бясалгал хийх үед саад бэрхшээл гарвал Түүндээ чимээгүйхэн мөргөж залбирч, зөвлөгөө хүсэж болно. Арьяабалын Бясалгалын Аргын тусламжтайгаар та өнгөрсөн үеийн Их Багш нараас шууд сурч болно. Бид сургаал номлол сонсож бус, харин ингэж Үнэнд суралцдаг юм. Таны асуултад хариу өгч, эргэлзэж тээнэгэлзэхэд тань тусалж, гараас тань хөтлөн Бурханы Оронд хүргэж чадах одоо цагийн Багшийг л та эрж олох хэрэгтэй.

Бид яагаад бясалгал хийх ёстой вэ? Бурханы Орон, Эзэн Бурханы Вант Улс буюу дээд ертөнцөөс сургаал номлол хүлээн авахын тулд сэтгэл санаагаа амарлиулах гэж тэр юм. Бид цаг үргэлж “Надад билиг ухаан хайрла, надад түүнийг, үүнийг өгч хайрла” гэж гуйж залбирдаг боловч Эзэн Бурхан бидэнтэй ярьж харилцах гэхээр бид дандаа л зав чөлөөгүй байдаг учраас Түүнд боломж олддоггүй. Бид яриад, гуйгаад байхаас биш сонсдоггүй. Тэгэхээр бясалгал гэдэг маань сонсох цаг юм. Чимээгүй суугаад мэдээ хүлээж авна. Тэгэхгүй бол Эзэн Бурхан та нарт хэлэх түм буман юм байна, харин та бүхэн үүнийг нь сонсох завгүй. Хэрвээ бид нийгэмд чухал байр суурь эзлэх буюу аль нэг салбарт амжилт олъё гэж хүсвэл бодол сэтгэлээ бус харин зөв зүйтэй хүчнээ ашиглах ёстой юм.

ҮЙЛИЙН ҮР ГЭЖ ЮУ ВЭ?

Ертөнцийн үйлийн үр ба хүний үйлийн үр гэсэн хоёр төрлийн үйлийн үр байдаг. Хүн төрөлхтний хуулиудыг хүнд ойлгогдошгүй үл үзэгдэх хүч жолоодож байдаг. Авшиг хүртсэний дараа өмнөх амьдралын үйлийн үр арилж алга болдог, гэхдээ Их Багш одоогийн амьдралын үйлийн үрийг хөндөлгүй үлдээдэг юм. Эс тэгвэл та тэр дороо л ангижирчихна шүү дээ. Бид найз нөхдөдөө тусалж, дэлхий ертөнцөө адислахын тулд энд хэсэг хугацаагаар амьдрах ёстой юм. Ингэсний дараа бид Бурханы оронд очиж болох бөгөөд хэрэв та өөрөө хүсвэл дуртай цагтаа эргээд ирж болно.

Үйлийн үрийн хууль гэдэг бол нэн шударга, нэн хүчтэй үл үзэгдэх хүч. Хийсэн үйлдсэн бүхэн маань бидэн дээр буцаж ирдэг. Биет (физик) ертөнцөд болж байгаа бүхнийг бичиж авах зориулалттай компьютер болох энэ бодол сэтгэл, уураг тархи байгаа учраас үйлийн үр оршиж байгаа юм. Үйл түйтгэр гэж юу вэ? Тэр бол таагүй хэрэг явдлууд тухайлбал, бидний өнгөрсөн төрөлдөө хийсэн элдэв зүйлийн буруу хэрэг эсвэл төрөл төрөлдөө гадаад орчноос санамсаргүйгээр олж авсан муу сэтгэгдэл, дурсамж юм. Багшийгаа харах буюу хамт байх үед бүдүүн түвшний үйл түйтгэр цэвэршдэг. Харагдаж мэдрэгдэхгүй, гүн үндэстэй, маш нарийн түвшний таагүй дурсамж, сэтгэгдлийг заавал харагдаж мэдрэгдэхгүй, нарийн түвшний аялгууны урсгалаар угаан цэвэрлэх хэрэгтэй. Учир нь энэхүү аялгууны урсгал сэтгэшгүй хүчтэй.

Хүн бүр өөр өөр болохоор соронзон талбай нь адилгүй. Дадал зуршил, соронзон талбайгаа өөрчлөх нь хялбаргүй. Амьсгалаа тоолох аргаар юм уу, эсвэл иогийн дасгал хөдөлгөөнөөр өөрчилж огт чадахгүй. Зөвхөн наран сүлжээг ажих, араг яс ажих, урсгал ус ажих, амьсгал ажих зэрэгт найдалтгүй. Гагцхүү Арьяабалын бясалгалын аргаар сүнслэг дадал бясалгал хийх нь хамгийн төгс арга болно. Авшиг нь аливаа амьтны урьд төрлийн бүх үйлийн үрийг устгаж, ирээдүйд эргэж төрөх боломжгүй болгодог юм.

ХЭРХЭН БЯСАЛГАХ ВЭ?

Ердөө л анхаарлаа мөнгө зоос юм уу өөр юмс руу биш харин чиглүүлэх хэрэгтэй тэр зүг рүү нь, Эзэн Бурхан луу хандуул. Бясалгах чадвар танд угаасаа байж байдаг. Тэгэхээр ердөө л анхаарлаа Бурханы Орон луу шилжүүл. Нам гүм газарт завилж суух төдийгөөр үр дүн олж авдаг юм биш. Эхлээд та энэхүү дотоодынхоо хүчтэй холбогдсон байх ёстой, тэгвэл дотоодын жинхэнэ Мөн Чанар тань бясалгаж өөрийгөө сэрээх болно. Харин та өөрөө нэгэнт сэрчихсэн бол таны дотоодын жинхэнэ мөн чанар, дотоодын тань Эзэн Бурханы хүч бүхнийг хяналтдаа авна.

Жинхэнэ бясалгал гэж юу болохыг гагцхүү жинхэнэ Багшийн уламжилсан дамжлагаар сэрснийхээ дараа л та мэдэх болно. Эс бөгөөс энэ нь бие, сэтгэлтэйгээ тэмцэлдэж, цагаа гарзадсан хэрэг төдий болно. Бясалгах үед энерги тань нээлттэй байдаг тул болгоомжтой бай. Гэхдээ танд энерги нь амьд, эдүгээ амьд сэрүүн Багш байгаа бол Тэр таныг ийм нөлөөнөөс хамгаалж чадна.

АВШИГ ХҮРТЭХҮЙ

Авшиг гэдэг бол ердөө л оюун санааг нээх гэдгийг заасан үг юм. Бид ил, далд элдэв барцад тотгорт автсан байдаг. Тиймээс авшиг гэдэг бол билгүүн ухааны маань үүдийг нээж, түүгээр дэлхий ертөнц болон өөрсдийн маань “Мөн чанар” гэгч зүйлийг адислахын тулд ертөнцөд нэвтрүүлэх үйл явц юм.

Авшиг хүртэнэ гэдэг нь шинэ эмх журмаар шинэ амьдрал эхэлж байна гэсэн үг. Энэ нь Багш таныг Гэгээнтнүүдийн хүрээнд харьяалагдахыг зөвшөөрч хүлээн авсныг илэрхийлж байгаа юм. Тэр үеэс эхлэн та жирийн хүн байхаа больж, яг л их сургуульд элсэнгүүт л дунд сургуулийн сурагч биш болдогтой адил та өндөр дэсэд хүрсэн хэрэг.

Эрт цагт үүнийг “усан баталгаа буюу Багшийн авралд багтах” гэж хэлдэг байжээ. Авшиг хүртэх үедээ бид тийм ч цэвэр ариун байдаггүй ч дотоод дахь Эзэн Бурханы хүч болон Багшийн авралаар угаагдан ариусдаг. Шоронгийн хаалгыг цөмлөн гарах үедээ бид дуу аялгуу сонсож, гэрэл гэгээ харна, учир нь тэдгээр нь материаллаг ахуйн чанадад байдаг юм. Тийм учраас үүнийг гэнэтийн буюу агшин зуурын гэгээрэл гэдэг. Энэ нь авшиг хүртэх үед бид Дээд ертөнцүүдтэй холбогдож цаашид тэднээс салж тасрахгүй болсныг илтгэж байгаа юм. Билгийн нүд бол Бурханы Оронд хүрэх хаалга бөгөөд та бүхэн олон орд харшаар дайрч гарах болно. Энэ аргыг дамжуулах үедээ бид юу ч ярьдаггүй, харин та нар хамгийн сайн гэгээрлийг олж авна. Та урьд өмнө нь танд хэзээ ч байгаагүй зүйлийг олж авах бөгөөд урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй маш хөнгөн, тун амгалан, хэчнээн сайхан, огт гэм зэмгүй байдлыг мэдэрнэ.
Үүнд л авшиг хүртэхийн ач холбогдол оршдог юм. Та Эзэн Бурханы дуу хоолойн дотоод хэлбэлзлийг хоёр чихнийхээ оролцоогүйгээр сонсоно. Эзэн Бурханы гэрлийг хоёр нүднийхээ туслалцаагүйгээр харна. Энэ тухай Би ярьж чадахгүй. Үг хэл, ухаан бодол нь Эзэн Бурханы буюу сүнсний хүрээнд (хязгааргүй зүйл) биш харин тархи ба материйн хүрээнд (хязгаарлагдмал зүйл) харьяалагдана. Тийм учраас Би үүнийг огт чимээгүй л дамжуулж чадна. Тийм болохоор л бид үүнийг сэтгэлээс сэтгэлд, зүрхнээс зүрхэнд уламжлах гэж нэрлэдэг юм. Авшиг хүртсэний дараа дотоодын гэрэл маань бидэнд жинхэнэ Бурханы орныг харуулахын тулд, биднийг жинхэнэ гэрт маань хүргэж өгөхийн тулд урагшаа нэвт гийгүүлнэ. Тэгмэгц бид энэ ертөнцөд хэзээ ч мэдэрч үзээгүй тийм их аз жаргалтайгаар өөрсдийн оршихуйн жинхэнэ төлөвийг олж авна. Танд хүндрэл бэрхшээл тохиолдох, осолд орох юм уу хэнд ч хандах боломжгүй үед ид шид гайхамшиг тохиолдохыг биеэр үзэж мэднэ. Тэр үед та Эзэн Бурханы хүч чадлыг ухаарч мэднэ. Тэр үед та Эзэн Бурханд хайртайгаа мэднэ. Тэгээд та Эзэн Бурхан таныг хайрлаж хамгаалж байдгийг мэдэх болно.

Та хэрвээ өөрийгөө зовсоор л байна, амьдрал тань амар хялбар бус байна Эзэн Бурханд хаягдсан, Эзэн Бурханыг өөрийн нүдээр хараагүй гэж бодож байвал Эзэн Бурханыг олоход тань туслахыг бидэнд зөвшөөрнө үү.

ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙ
“Гэрт тань хүргэж өгөхөөр Би ирлээ” цомирлогоос

Санал болгох

Таван Сахил

1. Сэрэл мэдрэлтэй амьтны амийг бүү хөнөө. 2. Худал бүү ярь. 3. Өөрийн биш юмыг …