Нүүр / Сургаал / БИЛЭГ ОЮУНЫ СУВД / Таны амьдралын Багш

Таны амьдралын Багш

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

1996.03.13

АНУ, ЛА

Нэг гэр бүлийнхний хоорондох хайрын тухай нэгэн шог яриа байдаг юм. Нэгэн саятан автомашины осолд оржээ. Тэгээд түргэн тусламжийн өрөөнд хүргэгдэж гэнэ. Гурван хүү нь гадаа хонгилд эмчийн гарч ирэхийг түгшин хүлээж байж. Эмчийг гарч ирэхэд ойртож очоод “Эмчээ найдлага байна уу? гэхэд эмч: “Найдлага алгаа. Гар нь л жаахан гэмтсэн байна, долоо хоногийн дотор эдгэчихнэ ээ.” гэжээ. /инээв/

Асуулт нь ч, хариулт нь ч үнэхээр төгс байна, заримдаа би та нарын асуултад бодож байснаас тань өөрөөр хариулчхаар та нар надад яаж ханддаг билээ, яг л үүн шиг. Асуусанд тань тохирох хариулт биш шиг санагдаж мэдэх ч үнэндээ яг тохирох хариулт байдаг юм. Би гадаад биш дотоод асуултад чинь хариу өгдөг. Заримдаа та нар дэндүү өргөн хүрээтэй юм асуучхаад тэгээд л түүн дотроо эргэлдээд тойроод байдаг. Би яг юу хүсээд байгааг тань мэддэг. Энгийн үед бид тэр гурван хүү эцгийнхээ эдгэрэх эсэхийг л асууж байна гэж бодох байх, харин эмч бол асуултынх нь учрыг дэндүү нэвтэрхий гүн мэдэж байна./инээв/.

7Тийм шүү, гэгээрсэн бясалгагчид яг л эмч шиг биднийг мэдээгүй байхад л өвчнийг маань оношилж, дотоод хүслийг маань мэдчихдэг. Заримдаа бүр өөрсдөөс маань ч илүү мэднэ гээч. Бид өөрсдийгөө мэддэггүй учраас л одоогийн энэ байдлаараа амьдарч байгаа юм. Бид өөрсдийгөө өдөр бүр хуурч байдаг. Өөрийгөө би бол сайн хүн, би ч дажгүй шүү, би төгс төгөлдөр, би уужим сэтгэлтэй гэх мэтээр бодчихсон байдаг. Тийм болохоор л хэн ч бидэнд хүрч чаддаггүй, хэн ч бидэнд юм хэлж чаддаггүй. Хэн ч биднийг зэмлэж буруутгаж, засаж залруулж чаддаггүй. Яагаад гэвэл бид аль хэдийнээ төгс болчихсон, юу хийхээ ч аль хэзээний мэдчихсэн юм чинь. Бид зөвхөн мэддэг, харин хийдэггүй. Багш болон бусад хүмүүсийн хоорондын ялгаа нь ердөө л энэ.

Багш угаасаа төгс төгөлдөр төрдөггүй гэдгийг би та нарт сануулах ёстой. Би ч энэ амьдралдаа олон тэнэг зүйл хийж байсан, залуу насны л тэнэглэл юм даа. Би тэнэг байсан, өөртөө ч тэнэг юм хийдэг байлаа. Би тооныхоо хичээлийг хийгээд сууж байхын оронд хичээлээ таслан кино үзэх мэтээр шалдар бульдар юм их хийдэг байсан. Хонда мотоциклоор цагт 120 км-ын хурдтай давхиж, янданг нь эвдэж хэмхэлж, бөөн чимээ шуугиан дэгдээж, бусдын амар тайван, нам гүм байдлыг ч бодохгүй, зөвхөн дэргэдэх хүнээсээ илүү давхихыг л боддог байж. /Инээв/

Өөрийгөө би төгс төгөлдөр төрсөн гэж та нарт хэлээгүй шүү дээ. Сургуульд сайн сурдаг байсан маань арай илүүхэн I.Q (оюуны итгэлцүүр)-тэй төрснийх. Гэхдээ энэ чинь би үнэхээр сайн байх гэж чармайж тэмцдэг байсан юм уу эсвэл ухамсартайгаар сайн байсан гэсэн үг биш шүү дээ.

Тэгэхээр Багш бол төгс төгөлдөр хүн биш. Тийм байгаа ч үгүй, тийм байх ч үгүй. Үүнийг та нар мэдэж авах хэрэгтэй. Багш гэдэг бол алдаа дутагдлынхаа Эзэн нь байж чаддаг л хүн. Алдаанаасаа суралцаж өдөр бүр улам сайжирна гэж андгайлж, тэмцэж байдаг юм. Суут хүн байна гэдэг бол тэр суу билгээ хадгалж хамгаалж байхын тулд тасралтгүй шаргуу хөдөлмөрлөхийг хэлдэг. Багш байна гэдэг нь үүнтэй яг адилхан. Багш байна гэдэг бол бүх талаараа өөрийгөө удирдаж тэргүүлэх л гэсэн үг юм. Өөр юу ч биш. Хэрвээ хэн нэгэн хүн таныг дагаж буй бол энэ нь ердөө л таны гэрлэн биеэс
болсон хэрэг. Таны чин үнэн сэтгэл тэднийг дотроос нь татаж байгаа юм. Тийм болохоор та нарт ярих шаардлага байхгүй. Тэр байтугай хүнд ямар нэгэн юм хэлэхийн ч хэрэг байхгүй. Хүмүүс танд итгэчихдэг. Багш байна гэдэг ийм л зүйл. Өөрийгөө төгс төгөлдөр, яг энэ агшинд би төгс байна, эсвэл би төгс төгөлдөр байх болно гэдэгт бүү итгэ. Битгий ингэ. Би ч та нартай адилхан суралцаж л байна. Гэхдээ би өөрөө өөрийнхөө Багш нь. Миний оюун ухаан надад тэг, ингэ гэж тушаахыг би зөвшөөрдөггүй. Учир нь би оюун ухааныг мэднэ. Би түүнтэй зөвхөн найзалдаг. Аль нь ч нэг нэгэндээ төвөг удахгүй, чи үүнийг хий, би үүнийг хийе. Хэрвээ чамайг үүнийг сайн хийчихвэл би шагнана. Чамайг сайн хооллоно, би тэгдэг биз дээ? гэх зэргээр хамтран ажилладаг. Оюун ухаандаа бас “чамайг үүнийг хүсэх юм бол би чамд ямар нэгэн юм өгнө.” гэдэг. Гэхдээ их юм хүсэхгүйг нь би мэдэх юм чинь, яагаад гэвэл тэр надаас их юм авч чадахгүй гэдгээ өөрөө мэддэг, тиймээс тэр үүнийг мартчихдаг. Тэр бүү хэл оюун ухаан маань унтахыг хүсэж байсан ч би “Үгүй шүү, бос, ажилла” гэдэг. Тэгээд л тэр ажиллах ёстой болдог юм даа. Ингээд арван жилийн дараа гэхэд тэр үүнд маань бүр дасчхаад “Үүнтэй яриад ч хэрэггүй дээ. Дэндүү зөрүүд, юу хүссэнээ л хийдэг юм чинь маргаад ч дэмий’ гэдэг. Багш гэдэг бол нэн төгс төгөлдөр, сайн сайхан, уужуу тайвуу хүн байхын төлөө тасралтгүй тэмцдэг хүн юм. Ердөө л энэ. Бие хүний тухай ярьж байхдаа та нэр төр хийгээд өөр бусад зүйлийг ч хүсэж байдаг болохоор бие хүн гэдэг чинь өв тэгш сайн байх аргагүй. Та өөрийгөө эготой гэдгээ мэдээд өөрөөрөө бахархахыг хүсэж байна. Гэтэл энэ чинь хуурамч зүйл шүү дээ. Та ердөө л хийхсэн гэж хүсдэг, бахдам сайхан гэж боддог зүйлээ энэ бол сайн, хамгийн дээд нь энэ, бусдад ашиг тустай нь энэ гээд бодчихсон байдаг, тэгээд л түүнийгээ хийхийг хичээх хэрэгтэй болдог. Ямар ч үнэ цэнэтэй байг хамаагүй, зүгээр л хий, битгий ярь. Ялгаа нь ердөө л энэ. Тийм бишсэн бол ямар ялгаа байх юм бэ?

Хэрвээ бид уураг тархиндаа одоо мэс засал хийлгүүлчихсэн байсан бол хэнийх маань ч сайн байхгүй. Магадгүй би арай илүү IQ-тэйэсвэл та надаас илүүхэн IQ-тэйбайлаа гэхэд энэ нь бид хоорондоо их ялгаатай гэсэн үг биш шүү дээ. Бидний тархи яг адилхан. Мөн зориг эрмэлзлийн хүч ч адилхан. Та үүнийгээ улам хөгжүүлье гэж дасгал сургууль хийдэг эсэхийг үл тооцвол энэ нь таны чөлөөт хүсэл зориг юм. Бидний ихэнх нь дээд ухамсрын маань дэвшлийг удаашруулж, хөгжлийг нь сааруулдаг, хор хөнөөлтэй арга замаар чөлөөт хүсэл зоригоо доройтуулж байдаг. Яагаад төгс төгөлдөр өөд тэмүүлэн тэмцэх ёстой юм бэ гэж надаас бүү асуу. Цаг үргэлж л ямар нэгэн юм болохыг хүлээгээд зүгээр нэг хэвтэж байдаг “бордмол гахай” адил залхуу, удаан, хойрго, мунхаг байснаас ухаалаг, өгөөмөр байх нь илүү сайхан шүү дээ. Намайг шүтэж дагахын оронд үлгэр дуурайлыг минь л дагасан нь дээр. Идэвх чармайлтаас минь гарсан үр дүнг л шүтэж бишир, тэгээд ингэж хий, үүн шиг, адилхан юм хий, тэгээд лнүд ирмэхийн зуур Багш болох болно. Энгийн хүмүүсээс дээр хийчхэж чадах юу байна, түүнийг өөртөө сурга, өөрт тань болоод хүнтөрөлхтөнд ач тустай юу байна, бусдын хийж чаддаггүй юу байна, түүнийг хий. Таны билэг ухаан, тунгаан бодох чадварыг дээшлүүлж, бусдад ач тус болохоор бол өөр хүмүүсийн тэвчижчадахгүй бүхнийг тэсэж тэвч. Өөрийгөө таньж мэдэж, цаашид улам бүр нээгдэх агуу хүч чадлаа эрж олохын тулд ямар л хүч чадал байна, түүнийгээ чадахынхаа хэрээр гарга, энэ нь таныг одоогийнхоос чинь илүү өгөөмөр, бусдад болон өөртөө ашиг тустай олон зүйл хийж чаддаг болгоно.

Тэгээд та үхэхийн цагтаа үүнийгээ мэдэрнэ. Нөгчихийн цагтаа эргэж хараад харамсаж халаглана гэхэд дэндүү оройтсон байж магадгүй бөгөөд та асар их шаналж зовно. Тийм учраас л хүмүүсийн ихэнх нь үхэхдээ зовж шаналдаг юм. Тэд хийх ёстой зүйлээ хийж дуусгаж амжаагүй, дотоод сэтгэл нь тэр бүхнээсээ аль эрт хөндийрчихсөн байдаг. Тэдний оюун ухаан нь бие махбодоо удирдаж, дотоод сэтгэл нь бие махбоддоо автсан байдаг. Тэгээд дотоод сэтгэл нь тавгүйтэхээр өвдөж зовдог. Заримдаа хэт зовж шаналахаар бие цогцос, булчин шөрмөс, эд эс бүхэн тань хүртэл өвдөх шиг болдог. Харин зарим хүн хүнд байдалд орох юм уу айж эмээхээрээ хамаг л эд эс, булчин шөрмөс нь үнэхээр өвддөг. Эхнийх нь бол өөр, харин сүүлчийнхэд нь хамаг бие тань өвдөж, арай чүү л хөдлөх аядна. Хүн хааяа шаналан зовлонд дэндүү гүн автахаар хамаг бие нь зуу мянган километр зогсолтгүй гүйсэн мэт ядардаг, эсвэл бас бэрхшээл тохиолдох үед хэдэн цагаар уйлах нь ч бий. Ингэсний дараа танд ямар байдаг вэ? Заримдаа арай дээрдэж, заримдаа эцэж ядарсан байдаг. Тийм биш үү? /Тийм/ Ялангуяа зовлон бэрхшээл зүрх сэтгэлийг тань өвтгөж, шаналган зовоовол бие тань хүртэл тэсэрч байгаа мэт болно. Хэрвээ та ийм үед хүчтэй эрмэлзэл чадалтай байж, өөртөө энэ бол юу ч биш, юу л болбол болог, одоо урагшаа, үүнийг март гэж өөрийгөө зоригжуулаад хийчихмээр өөр илүү дээр юм олбол, энэ бүхэн аяндаа л мартагдчихна шүү дээ. Ихэнх хүнд түр зуурхны энэ сэтгэлийн хямралыг ялгаж салгах хүчтэй зориг эрмэлзэл байдаггүйгээс энэ сэтгэлийн хямрал дотроо живчихдэг, тэр нь тэднийг улам дорой, улам арчаагүй, өвчин эмгэгт эмзэг, сэтгэл санаагаар унамтгай болгодог. Тэгээд эдгэрч илааршталаа удаж, заримдаа бүр эдгэрэхгүй байх нь ч бий. Уураг тархиных нь хамгаалах тогтолцоо бүрэн гэмтчихдэг. Тэгээд л эдгэрэх гэж эмнэлэгт хэвтэж, сэтгэцийн өвчтэй, өөртөө болоод төрөл садан, найз нөхөд цаашлаад нийгэм орчиндоо хүнд ачаа тээр болдог. Тиймээс л зориг эрмэлзэл бусдад бүхнээ зориулах өгөөмөр зорилгоо дураар тавих нь аюултай байдаг юм. Сайн сайхан зүйл хийхийн төлөө цаг ямагт тэмц. Өөртөө шалтаг бүү тооч. Бусдыг уучилж өршөөж болно, харин өөрийнхөө ийм сул дорой байдлыг хэзээ ч бүү уучил. Хөгжиж дэвшиж байна уу гэдгээ өдөр бүр шинж, цэгнэ. Эс бөгөөс надад юу ч битгий хэл. Би хүн төрөлхтөнд тусалмаар байна. Би Үнэнийг түгээн дэлгэрүүлмээр байна. Би Үнэнийг ойлгож байна гэж надад битгий хэлж бай.

Үнэний тухай бас нэгэн шог яриа байдаг юм. Хэдэн шавьтай нэгэн Зэн Багш байжээ. Шавь нарынх нь нэг авшиг хүртсэнийхээ дараа Багшдаа үргэлж захиа бичдэг болж гэнэ. Та нар заримдаа бясалгалын өдрийн тэмдэглэл бичиж ингэж, тэгж “өсч хөгжиж” байна гээд л надад илгээдэг шиг. Тэгээд нөгөө шавь нь Багшдаа “Багш аа, би нэлээд гэгээрчихлээ. Ихэнх цаг заваа жинхэнэ Би-гээ эрж хайхад л зориулж байна” гээд бичиж гэнэ. Багш нь ердөө эхний мөрийг нь уншчихаад л хогийн сав руу чулуудчихаж. Дараа нь бас нэг захиа ирэв.Түүнд Аяа, Багш минь, хамгийн гүн далд бодолд минь бүх ертөнц хариулж байна. Үнэн гэдэг  чинь юутай итгэмээргүй зүйл юм бэ? Хүний билэг ухаан ямар гайхамшигтай юм бэ? Ертөнцийн хүч ямар ayгaa юм бэ? гэсэн байжээ. Энэ удаа Багш түүнд нь нусаа нийгээд бие засах өрөө рүү хаячхав: Гурав дахь захиандаа ахиад л Аяа, Багш минь, би одоо бүх л хүн төрөлхтөн, өчүүхэн дорой хамаг амьтныг ч хайрлан энэрч байна. Тэр байтугай шоргоолжийг ч тэр, зүрхний цохилт, тэмцэн буй сүнсийг нь хүртэл мэдэрч байна. Өө, Багш аа, ямар гайхалтай нээлт вэ? Би үүнээс ч илүү их хичээнэ ээ. Би тандаа амлаж байна. Би таны хамгийн сайн шавь байх болно, та хараарай’ гэж бичсэн байв.

Харин Багш түүгээр нь юм арчаад бие засах өрөө pүү хаячхав. /инээв/. Багшийн итгэл найдвар унтарчээ. Дөрөв дэх захиандаа шавь нь “Багш аа, би орчлон ертөнцтэй нэг болчихлоо. Бүх юм Би, би өөрөө юм бүхэн юм байна. Би биш гэх юм ер нь юу ч алга. Би юм бүхэн. Би өөрөө өөртөө баяр хүргэж байна” /инээв/ гэж бичсэн байв.

Багш нь түүнийг аваад уурлаж бухимдсан ч үгүй салхинд хийсгэчхэж. Тэр өөр юу ч хэлэхийг хүссэнгүй. Хэсэг байзнаад Багш нь “Битгий надад дахин захиа бичиж төвөг уд. Цаас үзгээ л дэмий үрэх хэрэг гэж хариу бичжээ. Шавь нь тэгээд дахиж захиа бичсэнгүй. Олон жил өнгөрч Багш нь түрүүчийн удаа шавьдаа нэлээд хатуурхсандаа харамсаж, бараа зүсийг нь удтал хараагүйгээ санаад “Сайн уу. Одоо чамд юу тохиолдож байна.” /инээв/.Шавийнхаа нөгөө мэдрэмж муутай “аугаа ертөнц” хэмээх захиаг нь лав гээчихсэн биз дээ.” Бясалгал чинь ямархуу байна” гэсэн захиа бичжээ. Нөгөө шавь хариу захиандаа “Надад падлий алгаа’ гэсэн гуравхан үг бичсэн байв. /инээлдэж, алга ташив/

Багш тэгээд яасныг мэдэж байна уу? Аан. Тэр кофе, цай эсвэл seven-up, согтоодоггүй пиво уухаар явжээ. /Багш болон бүгд инээв/. Ийм л байна. Зөвхөн өөрийнхөө сайныг мэдсэн үедээ л та түүнийгээ хайхрахаа больдог. Эс бөгөөс надад “Би танд хайртай, ертөнцийн хүч минь энэрч өршөө, намайг” гэж хэчнээн бичлээ ч энэ бүхэн чинь утгагүй, бүгд л нэг онол. Тиймээс л онолын багш нар ам нээв үү, үгүй юу хайр энэрэл, гэгээрэл сэхээрэл, билэг ухаан энэ тэр гэдэг юм. Гэвч үүнийхээ төлөө юу ч хийдэггүй, тэр байтугай үүнийгээ мэддэг ч үгүй, тэд зүгээр л энэ тухай ярьдаг. Ярих шаардлага байхгүй гэдгийг тэдэнд ухааруулах нь үнэхээр хэцүү. Үнэхээр гунигтай ажил. Би яагаад цаг үргэлж ярьж байдаг вэ гэвэл та нар яриулах дуртай болоод л тэр. Би та нарт заах гэж ярьдаггүй. Хэрвээ та нар Багш бидэнд зааж байна гэж бодож байгаа бол энэ чинь эндүүрэл, яагаад гэвэл би ч бас та нарт итгэж найддаггүй. Tа нарт юу ч зааж чадахгүй гэдгээ би мэддэг.  Би зүгээр л энэ бүхнээс аль нэгийг ойлгоод авчих болов уу гэж найдсандаа л энэ бүх үйлдлээрээ та нарыг хөгжөөдөг юм. Ингэвэл та нар намайг санаж, бясалгал хийхээ мартахгүй болно. Нэг л өдөр та нар миний бүхий л сургаал номлолоор биш ч юмаа гэхэд гучин хувийнх нь тусламжтайгаар өөрийгөө нэвт шувт мэдчихнэ. Гэвч их ч бол, бага ч бол намайг санах л болно, бид дотооддоохолбогдож чадна. Өөртөө үнэнч бай. Өөр хэн нэгэн танд бүгдийг заагаад өгчихнө гэж бүү бод.

Харин би бол өөрийн хийж чадах юу байна түүнийгээ чадахын хэрээрээ хийдэг, учир нь та нар хүсэж, шаарддаг болохоор л хийдэг юм. Энэ нь би үг, хэл, яриагаараа та нарт зааж сургаж чадна гэсэн хэрэг биш, харин бид бие биетэйгээ маш гүн гүнзгий холбоотой байж, дотооддоо тэр холбоогоороо харилцаж чадна гэдэгтээ л итгэдэг юм.

Байж болох ганц хичээл сургаал гэвэл энэ л юм. Уг нь бол та нар аль хэдийнээ л Будда шүү дээ. Та нар надтай яг адилхан. Юу хийхийг чинь хэлэх шаардлага надад юу байна аа. Надад байгаа бүх юм та нарт бий. Бид бие биенийхээ дотоод холбоо, мөн миний жинхэнэ Би-ээр дамжуулан өөрийн Би-гээ санаж буй хэрэг. Тэгээд бидний жинхэнэ Би-нэг болон нэгдэж, дахин энэ аугаа бүхэлдээ уусан шингэх болно, үүнд сургаал номлол гэх юм огт байхгүй шүү дээ. Сүнсэнд ямар нэгэн юм сурах шаардлага угаасаа байгаа ч үгүй, байх ч үгүй. Учир нь сүнс төгс төгөлдөр төрдөг. Харин бид, бидний тархи, эго л төгс төгөлдөр төрдөггүй юм.

Тиймээс бид алдаа хийдэг, тэгэхээр үүнийгээ дахин давтахгүй байж сурах ёстой. Яагаад гэвэл ингэж сурах нь өөрийгөө шалгаж нягтлахаас илүү хялбар, эвтэйхэн байдаг. Тийм болохоор л нийгэмд буй өч төчнөөн агуу сайхан санаа зорилтыг таньж ухаарч чадахгүй байгаа юм. Учир нь хүмүүсийн ихэнх нь нэгэн хэвийн байдалдаа дасчхаад үүнээсээ салж, амьдралын хамгийн сайн сайхан, уудам дэлгэр зам мөр гэж итгэдэг тэр зүйлийнхээ төлөө явахыг хүсдэггүй юм. Олон хүн таны сургаал надад таалагддаг, би гэгээрэхийг хүсэж байна, би энийг, тэрийг хүсэж байна гэдэг боловч “цагаан хоол” Өө,  энэч амаргүй дээ. Цагаан хоол иддэг болчихвол хүмүүс намайг юу гэж бодох юм бэ? Найз нөхөд, үр хүүхэд, хань ижил маань юу гэх юм бэ? Эзэн, хамт ажиллагсад маань юу гэх бол гэдэг. Чөлөөлөгдөх, илүүхэн амьдрах хоёрыг ч яах вэ аргагүй юмаа гэхэд үүнээс бусад нь ч та нарт маш чухал байдаг нь инээдтэй шүү. Энэ бүхний эцэст маргааш үхлээ гэхэд хэн ч танд тусалж чадахгүй. Тамд очих байлаа гэхэд эхнэр, нөхөр, найз, эзэн, ээж, аав ер нь хэчнээн ч хүн таныг хүрээлдэг байг хамаагүй та ганцаараа л явна шүү дээ. Энэ бол хэн ч ойлгочихмоор үнэн. Та мэдэж байж болох ч өөр хүмүүс мэдэхгүй байж магад.

Тэгэхээр үүнийг анхаарч ав. Дахин сана. Бид магадгүй маргааш ч үхэж болно. Надад аль хэдийнээ өөд болсон олон шавь бий. Би үүнд харамсаж гуньж байгаа юм биш, зүгээр л амьдрал төгсөж дуусдаг л гэх гэсэн хэрэг. Надад итгэ. Амьдрал төгсөнө. Минийх ч адилхан. Үхэх цаг боллоо гэхэд би баяртай угтана. Гэхдээ би үхэх цагаа хүлээдэггүй. Хэрвээ цаг нь ирвэл тэр л биз. Энэ нь бид мөнхөд амьдрахгүй, бидэнд маргааш гэх цаг байхгүй гэсэн үг. Маргааш бидэнд цаг байхгүй бол яах юм бэ?

Бид үргэлж л надад маргааш өнөөдрийнхөөс илүү зав гарна гэж итгэдэг. Гэвч хэзээ ч ийм байдаггүй. Харин маргааш нь таныг бөөн ажил хэрэг, өчүүхэн цаг зав л хүлээж байдаг. Учир нь өчигдрийнхөө ажлаа бид хийж дуусгаагүй байтал дараагийн ажил хүлээгээд л, маргаашийн ажил ч бас байж л байдаг. Тэгээд өөрийгөө би сайн, би завтай гэж хуурсаар өдөр өнгөрөөдөг. Бид үүнээс зугтааж болно, ингэх нь ч дээр, гэвч үргэлж ингээд байж чадахгүй. Эцсийн эцэст бид хэрвээ оюун ухаандаа захирагдаж, түүний үгээр байх юм бол зөвхөн ялагдагч л болох юм байна гэдгээ ойлгодог.

Би маш олон зүйлээс айдаг. Би та нарт нисэх дургүй гэж хэлж байсан шүү дээ. Би онгоцонд үхэхээс айдаг юм биш, харин онгоцны давчуу нарийн зайг нь, хаа сайгүй хөврөх тамхины утааг нь тэвчиж чаддаггүй. Нэг, хоёрдугаар танхим аль эсвэл тамхи татдаггүй зорчигчийн танхимд байсан ч тамхины утаа биднийг хордуулж л байдаг. Бүх хүнд зориулсан үнэгүй “бэлэг” бүгдэд зориулагдсан ганцхан тамхи /Багш болон бүгд инээв/ үнэхээр эдийн засгийн хэмнэлттэй шүү. Би энэ бүхнийг л тэвчиж чаддаггүй юм. Харин ямар нэгэн юм хийх ёстой бол би дуртай байна уу, дургүй байна уу хамаагүй хийж л байдаг. Хийх ёстой л бол зүгээр л хийдэг.

Би түүндээ дуртай, дургүй нь хамаагүй өөрийн гэсэн үзэл бодол надад байдаг. Энэ чинь О.К. Би оюун ухаандаа “Зa, за, би үүнд дургүй ч хүлээж авлаа, бид үүнийг хийх ёстой шүү” гэж хэлдэг. Би оюун ухаандаа “энэ чамд таалагдах ёстой” гэж хэлдэггүй. Үүнд дуртай байна уу, үгүй юу, үүнийг хийе гэсэн сэтгэл байна уу, үгүй юу хамаагүй оюун ухаандаа дарамт учруулах ёсгүй. Би дотоод дахь ля ля ля-гаа бүгдийг нь хүлээгээд л авчихдаг. Гэхдээ би хүсэж байгаагаа л хийдэг. Багш шавь хоёрын хоорондын ялгаа нь энэ л юм. Ердөө л энэ.

Хэрвээ та хурдан багш болохыг хүсэж байвал өөрөө өөртөө, шийдвэртээ, энэ амьдралдаа хийхийг хүсэж байгаа зүйлдээ, итгэл найдвартаа, мөн өсөлт хөгжилт, ойр дотнынхонд тань хамгийн ашиг тустай, эрхэм сайн тэр зүйлийнхээ эзэн нь бай. Яагаад гэвэл сүнс угаасаа билэг ухаантай, цэвэр ариун, сүр жавхлантай байдаг. Харин сүнс маань энэ давчуухан бие махбоддоо оюун ухаан хэмээх сүрхий найзтайгаа хоригдоод байх юм бол өнөө агуу их хүчээ ашиглаж чадахгүй болно.

Яг л та өөрийгөө гэртээ түгжчихсэнтэй адилхан юм чинь яаж гарах вэ дээ? Хэдийгээр түгжсэн хүн нь та өөрөө ч гэлээ та цоожтой хэвээрээ л байгаа шүү дээ. Та нэгэнт өөрөө цоожилчихсон болохоор хэн түгжсэн нь огт хамаагүй, та хориотой л байгаа хэрэг шүү дээ. Түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод гарахыг хүсэхгүй байгаа бол энэ нь таны л буруу. Та хэчнээн ухаалаг байлаа ч гэсэн цоожлогдчихсон, түгжээтэй хэвээрээ шүү дээ. Та “Би өөрийгөө цоожилсон юм чинь яах вэ дээ, энэ чинь өөр шүү дээ” гэж болохгүй. Хүн таныг цоожилсон байна уу, та өөрийгөө цоожилсон байна уу гэдэгт онцын ялгаа байхгүй. Ямар ч ялгаагүй. Хэрвээ та гэртээ хоол хүнс, уух унд найз нөхөд, холбоо харилцаа, утас шөрмөсгүй бүтэн cap цоожлогдвол үхчихнэ биз дээ.

Үүнтэй адилаар, хэрвээ бид төгс төгөлдөр, зөв зүйтэй, сайн сайхан гэж боддог зүйлийнхээ төлөө зүтгэхгүй юм бол түүндээ хэзээ ч хүрэхгүй. Бидний өмнөөс хэн ч үүнийг маань хийж чадахгүй, тэр бүү хэл Багш ч чадахгүй. Багш бол зөвхөн танд зам зааж, хэлж өгч л чадна, харин тэр замаар та өөрөө явах ёстой. Мэдээж таныг өвчтэй юм уу, явж чадахааргүй байвал Багш авч явах болно. Гэвч цаг үргэлжид үүрч зөөгөөд байж чадахгүй. Ингэх нь эрэмдэг байдлаасаа салахад тань тус болохгүй шүү дээ. Энэ талаар бодож үзээрэй.

Эх сурвалж: “Билгүүн ертөнц” сэтгүүл

Санал болгох

Сүнслэг Бясалгал Бурханы Төгс Багажийг Бүтээдэг

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 1988 оны 5 сарын 13-нд Тайнан, Формоса (Тайвань)-д тавьсан …