Нүүр / Сургаал / БИЛЭГ ОЮУНЫ СУВД / Ор мөргүй алга болдоггүйн цаана

Ор мөргүй алга болдоггүйн цаана

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

1989-11- 22-нд Коста Рикагийн Сан-Хосед уншсан лекц

            Өнөөдөр би та бүхэнтэй, хүн энэ ертөнцийг орхин одсоны дараа чухам юу болдог тухай ярилцахыг хүссэн юм. Учир нь бид энэ дэлхийд амьдарч байх үедээ юу хийхээ аль эрт мэдэж байдаг хирнээ энэ дэлхийгээс явсны дараа чухам юу болдгийг ихэнх нь мэддэггүй. Би гэгээрэл болон үхэл  хоёрыг харьцуулж яръя. Үнэндээ бид үхэж байхдаа хүмүүсийн боддог шиг ор мөргүй алга болдоггүй. Зөвхөн физик буюу махан биеэ л сольдог. Заримдаа бид энэ махан биеэсээ нэлээд богино хугацаагаар, магадгүй заримдаа хэдэн зуун мянган жилээр ч хагацах болдог. Тэгээд бид энэ дэлхийд өөрийн оюун ухаан, дадал туршлагаа солилцохоор бие махбодыг олоод дахин ирдэг.

          Библийн сударт гэгээнтнүүдийн нэг нь “Би өдөр бүр үхдэг” гэж өөр тэмдэглэсэн бий. Мөн хэрвээ чи өөрийн энэ бүх амьдралаасаа бүрмөсөн татгалзан хаяж чадах юм бол амьдралыг дахин чи олох болно гэсэн ч бий. Ийм өгүүлбэр тааралдахад бид их гайхаж эргэлздэг. Амьдрахын тулд үхнэ гэж байж болох уу? Бид өдөр бүр үхэж чадна гэж байж болох уу? Амьдралыг хожихын тулд амьдралаасаа бүрэн татгалзана гэдэг байх боломжтой юу?

             Та нарын ихэнх нь Америкийн нэгэн эмчийн бичсэн “Үхлийн дараах амьдрал” хэмээх номыг уншсан байх. Тэр эмч үхээд дахин амьдарсан олон хүний бодит тохиолдлуудыг нэгтгэн бичсэн бөгөөд бүх хүнтэй тохиолдсон явдлууд ижил байв. Тэд:

-Махан биеэ орхисны дараа ер бусын хязгааргүй аз жаргал, эрх чөлөөг мэдэрч, холын улс орнууд руу нисэн одож чадаж байснаар үл барам гэрэл гэгээ, хайр халамжаар бялхсан биетүүд тэднийг угтан авч байсан гэж ярьцгаажээ.

           Биднийг гэгээрэлд хүрч, гэгээрч байхад ч бас яг үүнтэй ижил үйл явдал болдог. Иймээс бид “Бид өдөр бүр үхдэг” хэмээн ярьдаг юм.

           Гэгээрэл гэдэг бол чанагуухи ертөнцийн их хайр, их хүчтэй холбогдохыг хэлдэг. Гэтэл өдгөөх энэ ертөнцөд бид чанагуухи ертөнцөд байсан шиг амьдарч чаддаггүй. Гагцхүү бид гэгээрч л чадвал тэрхүү чанагуухи ертөнцийн аугаа бүхэнтэй нэгдэн нэвтрэлцэж чадна гэсэн үг юм.

             Бид үргэлж хүн чигээрээ байдаггүй, заримдаа Будда, тэнгэрийн элч, гэгээнтэн, бодисадва хүртэл болдог. Бодисадва гэдэг нь Христээр гэгээнтэн, санскрит хэлээр бодь гэдэг нь “гэгээрсэн”, садва нь “хүн” гэсэн утгатай. Одоо бид янз янзын өөр ертөнцөд амьдарч байна. Өөр өөр ертөнцөд бид олон олон удаа амьдардаг. Заримдаа диваажин мэт чанадын ертөнцөд ч оршино. Гагцхүү энэ дэлхий дээр ирмэгц л өөрсдийн өнгөрсөн амьдралаа мартчихдаг. Харин гэгээрэлд хүрэхээрээ өнгөрсөн амьдрал төрлүүдээ бид санаж чаддаг. Тэгээд л хэн болох, хаанаас ирсэн, хэр аугаа болохоо таньж мэдэрч эхэлдэг байна. Яг л үхлийг амссан дээрх хүмүүсийн тохиолдол мэт.

             Бидний үхэх үйл явц хэмээн нэрлэдэг тэр зүйл болоход хүмүүсийн өнгөрсөн амьдралуудын дүр зураг нүднийх нь өмнүүр кино мэт гардаг байна. Тэгэхдээ үхээд амьдарсан хүмүүс ихэвчлэн энэ амьдралаа л хардаг бол гэгээрсэн хүмүүс зуу зуун, мянга мянган удаагийнхаа өөр олон ертөнцийн амьдралыг үзэж чаддаг. Энэ чадвар илэрсний дараа тэр хүн өөрийгөө эгэл хүн бус Будда, Христ болохоо таньж эхэлдэг. Энэ нь Христ хэрхэн өөрийгөө Бурхны хүү гэж зарлаж байсан, Будда хэрхэн өөрийгөө гэгээрсэн гэж хэлж байсныг гэрчлэх зүйл юм. Будда гэдэг нь Христ гэсэн утгатай, Христ гэдэг нь Буддагийн билгүүн ухааны нэг л түвшин гэсэн утгатай юм. Хэрвээ билгүүн ойлголтын энэ түвшинд хүрч чадах юм бол: бид-Будда, бид-Христ гэдгээ таньж чаддаг. Харин гэгээрэхгүй аваас үхлийн дээр дурдсан үйл явдлуудтай л зууралдсаар байх болно.

               Бид үхсэнийхээ дараа астрал ертөнцийн доод, эсвэл дээд төвшнүүдэд л очдог. Хэрвээ бид өдөр бүрийнхээ бясалгалаар гэгээрэлд хүрчихвэл чанагуухи ертөнцийн аливаа сайхан бүхэн нээлттэй болдог.

              Есүс: Миний эцгийн гэрт орд харш олон бий гэж хэлсэн буй. Энэ нь бидний яриад байгаа зүйл юм.

Библид: “Хүн гурав дахь ертөнцөд хүлэгдсэн байдаг” гэсэн атлаа харин хэдэн ертөнц байдгийг дурдаагүй. Үүнтэй адилаар буддизмд Будда, диваажингийн олон ертөнц, түвшинг дүрслэн үлдээжээ. Ж нь: Авид буддагийн орон: – Энэ нь доороос өгссөн есөн түвшинтэй. Хамгийн доод хүнд түвшинд бид олон мянган жилээр оршин байж, гэгээрсэн багш юм уу Будда нарын хамт өдөр бүр бясалган тэднээс суралцаж бүрмөсөн сэхээрэх хүртлээ амьдардаг. Би үүнийг олон анги шатлалтай их сургуультай адилтган боддог. Бидний гэгээрэх хэмээн нэрлэдэг тэр үйл явц нь бид бие махбодоо орхин яваад буцаж ирдэгтэй л адил юм.

              Үхэлд бэлдэхүй: Үхлийг хэцүү зовуурьтай болгодог зүйл бол үхэж дадаагүй байдал юм. Хэрвээ бид өдөр бүр хэрхэн үхэхэд суралцаад байх юм бол үхэл нь тийм ч хэцүү зүйл биш байхсан. Гэтэл ихэнх хүмүүс энэ дэлхийг орхиж байгаадаа харамсан айсаар үхдэг. Яагаад гэвэл тэд түүнийг хүлээж буй амарч, хайрлуулж болох илүү сайхан ертөнцийг огт мэддэггүй. Зөвхөн өөрийн сайн мэддэг энэ л ертөнцдөө, хайртай хүмүүстээ хүлэгдсээр байдаг. Энэ нь биднийг сүнсэн бие, махан бие хоёрын хоорондох тэмцэлд хүргээд үр дүнд нь өвдөлт, аймшиг хоёрыг л үлдээдэг. Хэрэв бид үхэх нь дахин төрөхийн нэгэн хэлбэр гэдгийг мэдчихвэл түүнээс айхгүй болно. Бид цаг нь ирэхэд түүнийг тэсэж ядан угтах болно. Тийм юм бол, одоо тэр сайхан өдөрт хэрхэн бэлдэх вэ?

           Олон хүмүүс хурим хийх, хүүхэд төрүүлэх зэрэгтээ сайтар бэлддэг мөртлөө харин үхэлд болохоор ерөөс бэлддэггүй. Үнэн хэрэгтээ үхэл бол хамгийн чухал өдөр. Энэ төрөлд физик бие, хязгаарлагдмал эрх чөлөө, мөн маш удаан хөгжилт гэх мэт зүйл л бидэнд байна. Харин үхэхэд асар их эрх чөлөө, аугаа их билэг ухаан, уян хатан бие, хөгжиж дэвшиж, сурч амарч, аж төрж болох илүү сайхан ертөнц биднийг угтан авдаг. Иймээс үнэндээ үхэл нь сүнсний маань хөгжлийн хувьсгалыг түргэсгэж, аугаа билгүүн ухаанд хүрэхэд нэн чухал нөлөөтэй үйл явц мөн.

           Харин үхсэний дараа энэ тэнгэрлэг зүйлд хүрэхийн тулд бид одоогийн энэ амьдралаа улам ч хайрлан, зөв тэгш амьдралын хэв маягийг сонгон аз жаргалтай амьдрах хэрэгтэй юм. Харамсал, гэмшил, зовлон шаналал үгүй бол бид тэр бүхэнд хүрэхэд илүү амар хурдан байдаг.

          Хүмүүсийг махан биеэ орхих үед зовлон бэрхшээл, өвчин эмгэг улам нэрмээс болдог. Тэд уйлан харамсаж, ардаа орхисон хайртай дотно хүмүүстээ ихэд хоргоддог. Хүмүүсийн ихэнх нь хайртай хүмүүсээ нас барахаар хэдэн сар жилээр харамсан гашууддаг. Мэдээж энэ бол ойлгомжтой зүйл. Учир нь бид хайртай хань, хүүхэд, найзаа алдчихсан, тэдний хаашаа явсныг мэддэггүй. Үхсэний дараа тэр хүний амьдрал эндхээс илүү сайхан, бас түүнийг өөр хүмүүс хайрлан халамжилдаг байхад бид түүний хойноос харамсан гашуудсаар байдаг. Гэтэл бидний энэ уй гашуу тэр сүнсний явах замыг хааж боож, түүний эрх чөлөө, баяр баяслын хэмжээг нь дундруулдаг юм. Тиймээс хамгийн зөв арга бол хайртай хүмүүсийнхээ хойноос харамсан гашуудахгүй байх явдал юм. Ингэхэд үнэхээр хэцүү. Гэвч энэ бол хайрлан энэрэхийн хамгийн дээд хэлбэр мөн. Бид зөвхөн түүгээр дахин хайрлуулах, хажуудаа байлгах гэсэн хувиа бодсон сэтгэлээр л харамсдаг биш гэж үү. Тэгвэл одооноос баярлаж суръя. Тэр нэгэн хөөрхий сүнс “Шорон – гэр” хэмээх энэ зовлонт хязгаарлагдмал эрх чөлөөт ертөнцөөс чөлөөлөгдөж, хүссэн газартаа дуртай, хайртай зүйлээ хийж, өөр олон зүйлийг сурахаар явж байгаагийнх нь төлөө бид сэтгэл хангалуун үлдэх ёстой. Бид өөр өөр ертөнцийн амьдралыг нэн өндөр төвшний арга буюу “Дотоодын Гэрэл Аялгууны бясалгал” – аар харж чадахаас гадна хэрхэн үхэхийг сурч мэдэн, тэр ч байтугай гараг ертөнцийн хооронд айх зүйлгүйгээр хамгаалалттай аялан, хайртай хүмүүс маань хаашаа явсан, хаана байгаа зэргийг хүртэл мэдэж чадна. Мөн энэ дэлхийгээс явсны дараа өөрийн амьдрах дараачийн ертөнцөө ч сонгож чадна. Ийм тохиолдолд бид үхлээс айхгүй, хэн нэгэн биднийг орхиход уйлахгүй, ядаж л уйллаа ч гэсэн тэгж их шаналахгүй. Бид баяр талархалтайгаар нулимс унагаж ч магад.

             Гэгээрлийн дараа бидний амьдрал илүү амар хялбар болдог. Ертөнцийн цаадах зүйлүүдтэй учирч тааралдаад ирэхийг бид гэгээрэл гэж нэрлэдэг. Гэгээрэл нь дотроо олон шаттай. Сэтгэлийн авшиг авах үед бид гэгээрлийн зарим нэг үйл байдалтай тулгардаг. Бид энэ ертөнцийн, түүнээс ч цааших чанадын ертөнцийг махан биеэ орхин үзэж яваад буцаад ирдэг. Яг л үхэх үетэйгээ адилхнаар. Тэгээд бид үхэх нь тааламжтай зүйл болохыг мэдэж, энэ ертөнцийн зовлон гунигийн хүнд мэдрэмжүүдээ гээж эхэлдэг. Зарим хүн өөр ертөнц рүү яваад ирснийхээ дараа энэ дэлхийн амьдралд шунан дурлахаа больдог. Яагаад гэвэл тэд үүнээс илүү сайхан ертөнц байдгийг мэдсэн учраас тэр. Зарим нь энэ амьдралыг урьдынхаасаа илүү хайрлах болсон ч гэсэн амьдрал бол мөнхийн үйл явц, бид хэзээ ч үхэхгүй гэдгийг сайн ойлгож чаддаг. Энэ нь хүмүүсийг илүү амар тайван, энэ амьдралаа үр дүнтэй, сэтгэл хангалуун, итгэл зоригтой өнгөрүүлэх болгодог. Иймээс л гэгээнтнүүд өөрсдийн аж амьдрал, эрч хүч, билгүүн ухаанаа хүн төрөлхтөнд үйлчлэхийн төлөө, ялангуяа үнэн мөнийн талбарт зориулах нь илүүтэй ажээ.

               Есүс хүн төрөлхтний зовлон шаналлыг арилгахаар газар газарт очиж, тэдэнд туслан үнэнийг ухуулж, бурхны хүмүүс гэдгийг нь сануулах гэж амьдарч байсан.

                Тэр нэг талхыг 5000 хүн цатгах хүртэл өсгөж, усыг дарс болгож байсныг та нар санаж байна уу. Түүнд эд хөрөнгөнд шунах ямар ч хэрэг байгаагүй. Зөвхөн хүн төрөлхтнийг төөрөгдөл, мунхаглалаас гаргаж, Бурхны хууль, үнэн ёсыг ухуулахын тулд амьдарч байсан.

              Буддагийн амьдралыг харъя. Будда католик шашинтан, христ байгаагүй гэж хэлэх ямар ч шаардлага байхгүй. Тэр Есүсээс ч илүү христ байсан. Буддизмын судруудыг уншихад Будда хэдийгээр маш өндөр түвшинд байсан ч нэн хязгаарлагдмал эрх мэдэл, ертөнцийн амьдралд хашигдсан байдаг. Тэр улсын хаан байж болох байсан ч, үнэнийг олохын тулд ядуу зүдүү, хүнд хэцүү замыг сонгон амьдарсан. Тэр ч байтугай түүнд  хүнс хоол ч хэрэггүй байсан. Тэрээр “Би” үзэлгүйгээр бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулахад л суралцсан. Энэ нь тэдгээр гэгээнтнүүдэд амьдралын мэдлэгийн их сан руу зогсолтгүй гүнзгийрэн орж, гэгээрэл ухаарлаасаа асар их баяр баясгаланг олж авах боломж олгосон юм. Тэд мунхаг төөрөгдөл нь хэчнээн их алдаа, гэмт хэргийг төрүүлж бий болгодгийг тэдэнд мэдүүлэх гэж бусадтай хуваалцдаг байсан. Хамгийн хүнд гэмт хэрэг бол мунхаглал юм. Хэрвээ бид амьдралын нууц, түүнийг хэрхэн хайрлах, яаж гэгээрэх зэргийг мэдчихвэл ямар ч гэмт хэрэг хийхгүй болно. Хүн болгон алдаа хийдэг ч тэд буруушаагддаггүй, мунхаглал л буруушаагддаг. Гэгээнтнүүд хүмүүсийг буруушаахын оронд тэдэнд энэ мунхаглал, харанхуйгаас яаж гарах, хэрхэн өөрийн оюун билгээ нээж, ашиглахыг заадаг. Хүн бүхэн аугаа их билэг ухаантай. Энэ бол Бурхан, тэнгэрлиг хайр гэж бидний нэрлэдэг зүйл юм. Бид үүнийг ухаарч мэдэнгүүтээ амьдралд сэтгэл ханаж, амьдралаа хайрладаг. Иймээс л гэгээрсэн хүмүүс биднийг гэгээрүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, ингэхийн тулд янз бүрийн шүүмжлэл, үл ойлголцол зэргийг тэвчих хэрэгтэй болдог. Заримдаа өөрсдийн амьдралаа хүртэл алдахад хүрдэг. Есүс, Сократ, Буддаг олон хүн алахыг хүсэж, нэр төрийг нь гутаан доромжилж байсан. Эдгээр гэгээнтэн иймэрхүү элдэв бэрхшээлийг үл хайхран хамгийн аугаа энх амгаланг тогтоогч, аугаа их улс төрчид байсан. Тэдэнд энэ дэлхийн ямар ч эд баялаг, эрх тушаал хэрэггүй байсан билээ.

               Есүс “Би бол бурхан” гэж хэлсэн буй. Будда хаан ширээнээсээ татгалзсан буй. Тэд өөрсдийнхөө дотоодод аугаа их бурхантай байсан. “Хамгийн түрүүнд өөрийнхөө бурхан чанарыг хай. Бусад зүйл үүний дараа чинийх болно.” Энэ бол жинхэнэ үнэн. Өөрийгөө бурхан, түүнтэй нэг гэдгээ таньсны дараа бид энэ дэлхийн юунд ч шунаж тачаахаа больдог. Есүсийг цөлд бясалгаж байхад Маяа-н хаан /ад чөтгөрийн хаан/ түүн дээр ирээд хэрвээ надад мөргөвөл чамд энэ гурван ертөнцийг бүхлээр нь өгье гэж хэлжээ.

Есүс: Надаас холд гэв. Гурван ертөнц түүнд огт хэрэггүй байж. Будда 49 хоногийн туршид бодь модны доор суун бясалгаж байхад муу хүчнүүд янз бүрийн аргаар түүнд садаа хийж, олон зүйлийг санал болгосон ч тэр юуг нь ч хүсээгүй. Хүмүүс тэдэнд хаан мэт мөргөж байсан ч гэгээрсэн хүмүүсийн хувьд энэ нь чухал биш. Эгэл хүмүүс өөрсдийн оюун ухаан, ааш авирт байдаг атаа мунхаглалаасаа болоод үүнийг огт ойлгодоггүй. Есүсийг амьд байхад олон улс төрч түүнийг хардаж, сэрдсэнээс тэр хөнөөгдсөн юм. Тэд Есүсийг энэ дэлхийн юунд ч шунан тэмүүлээгүй гэдгийг мэдсэн бол хөнөөхгүй байсан юм.

  Бурханлаг холбоогоо нээх нь:

Гэгээрэл нь хэзээд чухал зүйл байв. Хятадад: “Эхлээд гэгээр” гэсэн үг бий. Энэ нь өөрийгөө боловсруул. Тэгээд гэрээ, гэр бүлээ хайрла, дараа нь улс орноо хайрла гэсэн үг болно. “Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас” гэсэн монгол зүйрлэлтэй утга нэг юм. Хэрвээ өөрийгөө гэгээрүүлчихвэл бид үг хэлж хуралд оролцохгүйгээр энэ дэлхийнхээ амар амгаланд хувь нэмэр оруулж чадна.

           Өдөр тутмын амьдралд хэрхэн өөрийгөө хөгжүүлж гэгээрүүлэх вэ? Энэ тун энгийн. Бид өөрсдийн сахилаа (худал хэлэхгүй, амьтны амь хөнөөхгүй, хорт бодис-/архи, тамхи, мансууруулах бодис, хүчирхийллийн кино гэх мэт хэрэглэхгүй/, гэр бүлийн хүнээ хуурахгүй, мах идэхгүй) чанд сахих хэрэгтэй. Хэрвээ зарим нэгийг алдвал дахиад л хичээ. Бид үргэлж бурхан руу тэмүүлж байдаг бөгөөд Будда бидэнд тусалж замчилдаг. Будда гэдэг нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн гэгээрсэн багш юм. Хэрвээ бид тэднээс туслаач гэж үнэн сэтгэлээсээ гуйвал тэд тусална.

             Олон хүн  сүм хийдэд очиж бурханд мөргөн залбирдаг ч Тэдний хүч энерги, билгүүн ухаантай нэвтрэлцэхэд хэцүү байдаг. Бидний хүсэл биелдэггүйн учир гэвэл бидний холбоо хэврэг муу, яг л телефон утас холбогдохгүй болдогтой адилхан байдагт оршино. Миний нэг найз хол байлаа ч би түүнтэй телефон утсаар хажуудаа хамт байгаа мэт ярьж чаддаг. Үүнтэй адил бурхад, гэгээрсэн багш нар биднээс асар хол буй. Тэдэнд зөвхөн тусалж үйлчилснээр, авшиг авснаар /төгс гэгээрсэн багшаас бясалгалын төгс төгөлдөр аргыг уламжлан авах/ бид бурхадтай холбогдож чаддаг. Яг л Есүс, Будда тэдэнд үйлчилж тусалж байсантай адил. Иймээс л одоо цагийн багш нэн чухал. Есүст ч тэр, Буддад ч тэр энд ирэх шаардлага байгаагүй. Тэд бидний гуйлтыг мэдэж сонсдог. Харин бид л хариултыг нь хүлээн авч сонсож чаддаггүй. Эдгээр гэгээнтнүүд дэлхийд ирлээ ч тийм ч олон хүн тэдэн рүү хүрч очдоггүй. Гэхдээ зарим нь очно л доо. Бид нийтийн телефоныг ашигладагтай ижилхэн. Бид энэ телефоноор бусадтай холбоо барьж чадна. Тиймээс бидэнд өөрийн хувийн телефон үйлчилгээ хэрэггүй. Үүний адилаар гэгээрсэн багшийг дагагчид, их шавь нар нийтийн шугам холбоог бурхан тэнгэрийн хооронд ашиглаж чаддаг. Магадгүй цөөхөн хүмүүс ашигласан ч энэ бол хэрэгтэй зүйл. Мэдээж их тусмаа л сайн. Үүн шиг хэрвээ бид өөрийн телефонтой байх юм бол гэгээрсэн багш нартай шууд холбогдож чадна. Тэгээд мөргөн залбирах тоолондоо хариултаа авч байх болно. Энэ нь тухайн хүний билэг ухааны түвшин өндөр, нам ямар байгаагаас хамаардаг. Мөн өдгөөх амьдралынх нь үйлийн үрийн учир шалтгаанаас болно. Зарим төрлийн өвчин эмчлэгддэггүйн учир бол тэр өвчин тухайн хүний урьд төрлийн үйлийн үртэй  салшгүй холбоотой байдагт буй. Эмч домч, шинжлэх ухаан ч эдгээж чадахгүй. Харин энэхүү өвчтэй хүмүүс өөрийгөө гэгээрүүлж чадвал өвчнөө эмчлэх билэг ухаанаа нээж чадлаа гэсэн үг. Энэ нь зөвхөн бясалгал хийх хичээл зүтгэл, өдөр бүрийн дадлагаас үүдэлтэй. Гэгээрсэн багш нар хүмүүст цаг үргэлж: “Гэгээр, Бурхантай холбоотой бай, Бурхантай нэг гэдгээ мэд!” гэж зоригжуулдаг байсан. Бид амьдралынхаа туршид бясалгах хэрэгтэй. Үхлээ хүлээж амьдрахын оронд оюуны өндөр түвшинд хүргэх аргад суралцан амьдрах учиртай. Бид чанагуухи ертөнцийн амьдралын цаадах шинжлэх ухаанд суралцсанаар, бидэнд их сургуульд суралцах, академийн цол авах, эдийн засгийн байдал зэрэг зүйл огт шаардлагагүй болно. Таны билэг ухаан хүчирхэг учраас энэ бүхэн цөм чөлөөтэй орж ирнэ.

               Жинхэнэ багш хэзээ ч шавиасаа үнэ төлбөр авдаггүй нь түүний нуугдмал эрдэнэсийн санг ийнхүү дахин нээж өгсөн хэрэг. Учир нь энэ бүхэн угаасаа та нарынх юм. Би зөвхөн тэр нь хаана байгааг мэднэ, тэгээд хэлж байна.

             Бурхны хайр нь амьд буй багшаар дамждаг. Бурхны орон бидний дотор буй. Будда шинж ч бас бидэнд бий. Энэ бол гарцаагүй үнэн.

            Библид: “Тогш тэгвэл онгойлгоно, Гуй тэгвэл өгнө” гэжээ. Гэвч та нар өдөр бүр сүм дуганд очиж мөргөн гуйдаг. Харин яагаад хариу ирэхгүй байна вэ? Та нар Есүсийн хэлснийг мартжээ. “Гуй. Гэхдээ миний нэрээр гуй. Тэгвэл Бурхан чамд өгнө”. Бид түүний нэрээр юм гуйдаг билүү. Хэн ч Бурхан намайг харж ивээж байгаа гэж боддоггүй. Энэ нь Есүс бурхнаас хүчтэй гэсэн үг мөн үү. Үгүй ээ. Энэ бол зөвхөн түүний ажил нь. Жишээлбэл: бид ерөнхийлөгчтэй уулзахыг хүслээ гэж бодъё. Шууд яваад очиж болохгүй. Заавал нарийн бичигтэй нь ярьж зөвшөөрөл аван төлөөлөгчөөр энэ үгээ дамжуулна. Тэгвэл энэ нарийн бичиг, төлөөлөгч хоёр ерөнхийлөгчөөс том гэсэн үг үү? Үгүй ээ. Одоо та нар надад “Би өдөр бүр Есүсээс гуйдаг. Тэд нар юу хийхийг минь хэлж өгдөггүй” гэж хэлэх байх. Би буддист ч биш, христ ч биш. Би зөвхөн “Бурхан”.

Санал болгох

Сүнслэг Бясалгал Бурханы Төгс Багажийг Бүтээдэг

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 1988 оны 5 сарын 13-нд Тайнан, Формоса (Тайвань)-д тавьсан …